Гаднаа инээмсэглэвч дотроо уйлна

Сайн байна уу мартагдсан блог минь, сайн байна уу орхигдсон амьдрал минь.

Цонхны цаана  жихүүн салхинд модондооо тогтож ядан өрөвдөлтэйгээр зуурах навчис дэндүү гунигтай харагдана. Харцандаа  бодол тээн суугаа миний нүдэнд гал бадрах нь битгий хэл цог ч үл умлана. Шаргалтан хатсан намрын навчис, шархлан харууссан миний сэтгэл 2 л адил төстэй санагдана.

Анги дотор хүн бүр ам амандаа шаагилдах нь чихэнд чийртэй ч ганцаардлаас минь хоромч болов салгах шиг. Миний бодол сэтгэл хаа нэгтээ холын холыг зорьжээ. Мөрөөдлийнхөө ертөнцөд төөрсөн ухаан санаагаа хичээлдээ хандуулна гэдэг усан дээр гал асаахаас ч хэцүү юм. Самбарын өмнө шүлсээ савриулан зогсох багш маань амьхандаа л нэлээдийг ойлгуулахыг хичээж буй ч хумсын төдий тоож анхаарал хандуулах хүн манай ангид лав байхгүй байгааг анзаарахгүй байна уу эсвэл өөрөө өөртэйгөө ярихыг илүүд үзэж байна уу. Ямартай ч дэндүү зөөлөн гэмээр энэ багшийг ажиглаж суугаа намайг өөрийнх нь ярианд орчихсон байна хэмээн горьдсон бололтой үе үе харц чулуудан надтай нүдээрээ харицах гэж оролдоно. 2 жилийн өмнө анги удирдсан багшийн үүргийг гүйцэтгэж байхад нь мөн ч олон удаа уулзалдаж тусламж зөвлөгөө авдаг байсан минь санаанд орчихлоо. Миний амьдралын нэлээдгүй хэсгийг мэдэх тэрээр надад ч мөн амьдралынхаа зах зухаас хүүрнэж байсан удаатай. Тэгээд ч тэрүү, түүнийг хархаар нэг л дотно. Гэрийн эзэгтэй, 3 хүүхдийн ээж, халамжтай эхнэр, сайн багш байх гэж чадахаараа зүтгэж яваа тэрээр үсээ угаалгүй, хувцсаа индүүдэлгүй хааш яаш ирэх үе цөөнгүй ч хэний ч хүү гэж ялгалгүй бүгдэнтэй нь эрх тэгш эелэдэг харьцаж чадаж байгааг нь биширмээр. Төгс биш ч аз жаргал, амжилт бүтээл, хамт олноор цалгиж яваа багш маань амьдралдаа сэтгэл хангалуун яваа нь элхэн харагддаг. Гэтэл надаас, надаас санаа тавьж халамж шаардсан хүн байхгүй атал өөрийгөө ч болгоод явж чадахгүй дэндүү сул дорой нэгэн болж амьдралын шалгуурт хүчин мөхөстөж буйгаа гутамшигтайгаар мэдэрч байна.

Нүд минь харж чих минь сонсож байнаа, гэхдээ тэд юу ярьж буй нь үл ойлгогдоно, яг л утга үл илэрхийлэх авианууд шиг, тэд юу хийж буй нь үл тайлагдана, яг л цаасан дээр ирээчсэн дүрс шиг. Дүнхийн суугаа надад л ярих яриа хийх үйлдэл үгүй мэт.

Азззаа Чи зүгээр үү?

Харцаа салгаж ядан хажуу тийш харан

Ааан? Аааа зүгээрээ, гэхдээ өөрийгөө хүчлэн байж инээмсэглэхийг минь найз маань анзаарсан ч дахин садаа болохгүйг хичээх гэсэн аятай дуугүй боллоо. Хөвөрсөн их бодлоос минь салгаж чадсан найздаа талархах бухимдахыгаа олж ядан зуршил болсон ганц үйлдэл, утсаа харлаа. Нүүрээ ч бүхэлд нь тольдчих том дэлгэцний зүүн дээд буланд мэссэж ирснийг илтгэх жижигхэн ногоон тэмдэгтийг л хамгийн түрүүнд олж харахыг хичээнэ, өөрөө ч мэдэлгүй хэн нэгнээс мэссэж хүлээгээ юм болов уу даа. Дараа нь цаг харна, 14.30,  цаг дэндүү удаан өнгөрч байна шүү. Бүхэл бүтэн 40 мин дахиад яаж суунаа, болдог бол гараад гүйчих юмсан. Ер нь яг л иймэрхүү өнгөрдөг шүү дээ сүүлийн цаг, дургүй хичээл уйтгартай сэдэв.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s