Самарны түүх

Би самар идмээр байнаа гэж охин өөдөөс нь ширтэх дөлгөөхөн харцанд хүслийг биелүүлэгч бирд өмнө нь суугаа мэт шивнэлээ. Хөөрхий хөвгүүнд бурхан л өгөхгүй юм бол эрх дураараа аашлах тэр охины идэхийг хүссэн самрыг нь хаанаасаа ч ургуулах билээдээ. Харь газрын моддоос хичнээн гуйлаа ч яг л тэр самар хэзээ ч ургаж унахгүйг мэдэх 2 уртаар санаа алдан тайтгарна.

Хэдэн хоног өнгөрснийг хэн хэн ч үл анзаарсан байтал бирд нь сонсоо юу бурхан нь сонсоо юу гэлтээ самар гараад ирж. Монгол руугаа явчихаад ирээд удаагүй байсан ээжийнх нь найзын өгсөн атгахан самар хөвгүүний зүрхийг тэгж их баярлуулсныг ээж нь бас түүний найз нь ч мэдээгүй бизээ. Өөрөө ч амсалгүй хайртай түүндээ өгөх гэж магнайгаа хагартал баярласан хөвгүүний зүрх энэ хорвоо дээр үнэн хайр гэж байдаг гэдгийг гэрчлэх шиг юутай хүчтэй цохилно вэ, маргааш болохыг тэсэн ядан хүлээсэн мөч дэндүү урт санагдана.

Аминчлан хадгалсан атгахан самрыг нь хуваан идэхдээ охин хязгааргүй их баярлах гайхах нь зэрэгцэнэ. Хөвгүүн “Би чамаас түрүүлж иднээ” гээд хурдан хурдан цөмж эхлэхийг хараад эелэдэг харцаараа дөлгөөхөн мишээгээд өөрөө ч биелэхгүй гэдэгтээ бат итгэлтэй байсан тэнэгхэн хүслээ эргэн санав. Бурхан гэж байдаг бол бурханд талархмаар, бирд гэж байдаг бол бирдэд талархмаар санагдсан охин дэндүү их аз жаргалтай байлаа.

Идээгүй удсан самраа цөмөх гэж охин тэрүүхэндээ л аргаа олж ядан дундуур нь тас хазсан самраа харан харамсах аястай суухад хөвгүүн хурдан бөгөөд гарамгай цөмөх ажээ. Тэгж удаан хүсэж мөрөөдсөн самар нь хэдхэн үг хүүрнэх зуур дуусчихав, арга ч үгүй биз дээ атгахан л байсан шүү дээ. Амтлаад өнгөрөх төдий самар нь араанд ч үлдэлгүй дууссанд охин битүүхэндээ харамссан ч дэндүү амттай байсанд сэтгэл нь тайвширч хөвгүүнрүү сэтгэлд дотно харцаараа ширтэв.

Сэтгэл зүрхээрээ хүсэж мөрөөдсөн самраа идэх гэж тэрүүхэндээ бухимдан суугаа охин түүнд дэндүү өхөөрдөм харагдснуу, бүхнээ зориулмаар санагдснуу хөвгүүн түүнд цөмж өгмөөр санагджээ. Хурдан шаламгай цөмөхдөө хөвгүүн охины царайг байн байн ажиглана. Өөрөөсөө ч илүүгээр хайрлах тэр охин, дэргэд нь суугаад дуугүйхэн цөмнө.

Дуусчихлаа гэх шиг ширтэх охинд хөвгүүн юу бэлдснийг хараад хэлэх үгээ олсонгүй. Чи түрүүнээс хойш нэгийг ч идэлгүй надад өгөх гээд л тэгж яаран сандран цөмөөд байсан юм уу гэхэд хөвгүүн бахархалтайгаар Тийм гэв. Охины идсэн самар юугаар ч үл солим амттай байсан ч хөвгүүний зориулсан сэтгэл хэзээ ч мартагдахааргүй нандин байсанд охин нүдэндээ хурсан нулимсыг хөвгүүнд үл харуулна.  

 

One comment

  1. Leo Galzuud · October 16, 2011

    чиний хайрын түүхүү??

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s