Урт гэж залхууралгүй уншаад үзээрэй

Блог хэсэж явж байгаад олсон өгүүллэг юм байгаан, хэчнээн завгүй байсан ч уншмаар санагдаад дуустал нь унштал нэг л сэтгэл хөдлөм санагдсан. Недерланд ч бай, Швед ч бай ер нь хаа газрын монголчууд яг л иймэрхүү амьдралтай байдаг. Сайн сайхан яваа нэг нь байхад, ядарч зовж байгаа нэгэн нь байж л байдаг хорвоо. Ингээд та бүхнийг уншаасай гээд эзнийх нь зөвшөөрөлгүй копидчихлоо.

Алла

Буурал Амстердамын гунигт гудамжууд үргэлж л зүүрмэглээстэй агаад тэдний нойрыг магадгүй цорын ганц бөх зүрхтэн хулжааж орхидог нь Алла байж болох юм. Түүнийг уг нь Алтанцэцэг гэдэг. Анх толгойтой бүхэн европ зүглэх хөлгүй хүсэлд автаж эхлэх үед л мань хүн хилийн дээс зориглон алхжээ. Яван явсаар хүссэн “диваажиндаа” ирсэн нь Недерланд !?

Хөөрхий аав, ээжийгээ элдвээр загнаж, зандарч байгаад байрыг нь барьцаанд тавиулаад визээ гаргуулчихсан. Гай газар дороос гэгчээр цагаачлах хүсэлт нь бүтээгүй. Монголоос байраа банкинд хураалгаж, гудамжинд гарах дээрээ тулсан гэр бүлийнхэн нь байнга учирлаастай. Царай зүсээр гавих юмгүй, бие хаа бол бүр “яайрчихсан” гэж тэр өөрийгөө үргэлж голно. Үнэндээ тиймгүй. Хөөрхөн хүрэн нүд, ялдам төрхтэй эгэл бүсгүй. Бас үргэлж гэгээлэг рүү тэмүүлж байдаг төрөлхийн мөрөөдөмтгий зантай. Тиймдээ ч өмнөө тулгарсан бэрхшээлийг ямагт өнгөлөг талаас нь харна. Ямар сайндаа л цагаачийн байранд танилцсан монгол залуутайгаа нийлж дэлгүүрээс юухан, ийхэн “шууж” байгаад банкны өрөө дарчихсан. Түүнийгээ тэмдэглэн архидаж согтоод “Би хулгайч ч гэсэн буян хийж байгаа хулгайч шүү. Эцэг эхээ өвлийн хүйтэнд гудамжинд хөөгдөхөөс аварна гэдэг чинь буян биз дээ” хэмээн хашгичиж байсан гэж байгаа. Амташсан хэрээ арван гурав эргэнэ гэдэгчлэн овоо хэдэн удаа “дэлбэлсэн” нэгэн дэлгүүр нь түүнийг илрүүлж төмөр торны цаана суулгасан тохиолдол ч бий. Арван сар шоронгийн чийгтэй өрөөнд хэвтэхдээ “Би ер нь багадаа зохиолч болохсон гэж мөрөөддөг байж билээ. Над шиг ийм адал явдалтай амьдралыг хүн бүр туулахгүй шүү. Шоронд хүртэл ороод үзчихнэ гэдэг чинь сонирхолтой. Амьдралаараа ном бичнэ ээ” гэчихсэн тууж явсан өөдрөг үзэлтэн. Ерөөсөө түүнийг юунд ч буруутгамгүй. Их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр сайн дүнтэй төгссөнийг нь батлах тод цэнхэр хавтастай диплом, хэдэн муусайн хувцаснаас өөр эд хөрөнгөгүй, ажилгүй, нөхөр ч үгүй тэрбээр Монголд бүр аргаа бараад байсан юм. Хэд, хэдэн залуустай өвөр түрийндээ оролцож явсан ч тэндээс хоёр удаагийн абортны харанхуй дурсамж, шархалсан зүрхтэй л үлджээ. Тэгээд гадаадад л гарвал бүх юм гоё болно гэсэн гэнэн мөрөөдөл нь түүнийг энд авчирсан. Хүсч байсан шиг нь сайхан зүйл угтаагүй ч гэлээ өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хар толгойгоор хариуцаж, алдаж, оносон ч өөрийнхөөрөө амьдарч яваадаа тэр сэтгэл хангалуун, жаргалтай байдаг. Хэнд ч хамааралгүй, өөрөөрөө оршин тогтноно гэдэг амьдралын утга учир, үнэт зүйлсийн нэг шүү дээ.

Хүн л юм чинь уйлна, шанална…Гэхдээ тэр бүхнийгээ бусдад харуулахгүй цаг тутам инээмсэглэж, болгоно, бүтээнэ гэчихсэн явж байдаг их эрч хүчийг тэр хаанаас олж аваад байдгийг нь таашгүй. Магадгүй ийм хүчирхэг ген зөвхөн монгол бүсгүйчүүдэд байдаг байх гэлтэй.

Бороо нөгөө л янзаараа зүсэрсээр. Алла хуваарьт айлаа цэвэрлэхээр замдаа явна. Суудалдаа шигдэн бодлогширох уйтгартай недерландчууд, цонхны шил тогших бороон дуслууд гээд автобус доторхи бүхий л зүйлсийн хөг аялгуу хослох ч, тэр нь сэтгэл сэргээм биш ажээ. Автобуснаас трам руу, трамнаас метро руу, метроноос галт тэрэг рүү, галт тэрэгнээс айл руу, айлаас айл руу гэхчилэн түүний сүүлийн таван жилийн амьдрал гагцхүү ганцхан хэмнэлээр л өрнөсөн. Үүрээр шахам гэрээсээ гарна. Нойрмог гудамжууд “дахиад л өнөөх чинь” гэсэн шиг дүнсийн угтаж, шөнөжин асаалттай хоносон яхир, өндөр гэрлийн шонгууд гэрлээ харамлах мэт ганц нэгээр нь унтрааж эхэлнэ…

Таван жилийн өмнө буюу айл цэвэрлэдэг энэ ажлаа дөнгөж эхэлж байх тэрхэн үедээ Алла өөрийгөө их л золгүй хувь тавилантайд тооцож байсан авч одоо бол хэдийнэ эвлэрчээ. Хааяа монгол дахь найзуудтайгаа холбогдохдоо “өө би жорлонгоо долоосоор л…” хэмээн хошигноно. Недерландад айл цэвэрлэх ажил хийдэг монгол эмэгтэйчүүд олон. Тэд өөрсдийн ажлаа “хоккей тоглох” гэх зэргээр аль болох аятайхан нэрлэнэ. Тиймдээ ч Аллаг “жорлонгоо долоосоор” гэж хэлэхэд тун дурамжхан. Угаасаа монголчууд байгаа газарт хов, хэрүүл тасрах биш. 30 настай золгоод удаагүй, нөхөргүй, хүүхэдгүй, нийлж ховонд хутгалдах найз нөхөдгүй Аллагийн тухай бол элдэв цуурхал энэ тэрүүгээр элбэг. Хүний нутагт ижилхэн л амьдралын төлөө тэмцэж яваа эм улс хэрнээ нэгнийхээ сэтгэлийг урж тасдахаа юман чинээ бодохгүй. Харин ч эсрэгээрээ тохуурхаж, гоочилж суугааг нь харвал эмэгтэй хүмүүс гэж хэлэхэд бэрх, аймшигтай. Эцэстээ өөрсдөө ганцаардаж, зовохын цагт дэргэд нь хэн ч үгүй. Бүгд адилхан. Хүмүүс орь ганцаараа бүх оргилд гарч чадна гэж боддог боловч хожим эргээд харахад тэр нь үнэндээ хоосон аархал төдий л байдаг шүү дээ.

Юутай ч Аллагийн хувьд хийдэг ажилдаа бүхий л зүрх, сэтгэлээ зориулж ёстой л өөрийнх нь хэлдэгээр “долоох дөхөн” цэвэрлэнэ. Хүмүүс ажлыг голдог хэрнээ ажлын үр дүн мөнгө болоод ирэхээр мөнгөнд хайргүй хүн байдаггүй. Тэгээд ч сэтгэл шингэсэн бүхэн өндөр үнэлэгддэг жамтай тул цэвэрлэдэг айлынх нь эзэд ч түүнд ам сайтай. Өнөө өглөө цэвэрлэсэн айлынх нь эзэн гэх буурал толгойтой, өндөр эмгэн эгээтэй л өөрийнхөө төрсөн охин адил сайн хандана. Тэднийхийг Алла тав дахь жилдээ цэвэрлэж байгаа юм. Анхных нь айл. Хулгайн хэргээр шоронд арван сар суугаад гармагцаа шууд “харлаж” яах ийхээ сайн мэдэхгүй будилж явахад нь харь элгийн ч гэлээ халуун сэтгэлтэй энэ буурай түүнд итгэж, гэрээ цэвэрлүүлж байхаар болсон билээ. 30 еврог анх ажлынхаа хөлсөнд аваад жигтэйхэн баярлан, урамшиж, бүхэл оройжин ойр орчмын дэлгүүрүүдэд “айл цэвэрлэнэ” гэсэн зар түгээж явсан тэр өдрөөс хойш бүхэл бүтэн таван жил ард хоцорчихлоо гэхэд итгэмээргүй. Цаг хугацааг цус сорогчтой зүйрлүүлэм. Тэр хүмүүний амьдралын үнэт хором, мөч бүрийг хайр найргүй шунан сорно…

Алла өдгөө эмгэний найзуудаас эхлээд гурван хүүхдийнх нь гэрийг ч цэвэрлэдэг болжээ. Том хүү, бага охин хоёр нь тус бүр хоёр хүүхэдтэй, тогтсон амьдралтай. Харин бага хүү нь ганц бие. Тэдний гэрийг сүүлийн хоёр жил л цэвэрлэж байгаа юм. Нэр нь Мартин. Хүүхэд шиг цайлган зантай, цэвэр Недерланд цус биеэр нь гүйдгийг илтгэх мэт өндөр нуруутай, нүдэнд дулаахан, дур булаам далайн өнгөт хүнхэр нүдтэй залуу. Насаар ч ойролцоо. Гэвч сүүлийн хоёр жил лав эм сүвтэнтэй цуг байхыг нь Алла олж хараагүй. Тиймдээ ч Мартиныг ижил хүйстэнээ сонирхогч гэдэгт огтхон ч эргэлздэггүй юм. Недерланд бол ижил хүйстний гэрлэлт, ил тод байдлыг хуулиараа хүлээн зөвшөөрсөн улс. “Монголд байхдаа “пүү, паа” болдог л байсан. Өнөөдөр тэгтэл нэгэн гей залуугийн гэрийг цэвэрлэж олсон мөнгө амьдрал ахуйд минь том хувь нэмэр оруулж байдаг…Амьдралын урт ихийг үзүүлж, мэдрүүлж, ухааруулах юм даа” хэмээн Алла үе үе бодно. Мартин ганцаараа амьдардаг учир гэр нь бохирдож шалихгүй, тэгсэн хэрнээ долоо хоногт хоёр удаа цэвэрлүүлнэ. Алла Мартинд яг л найз хүүхэн шигээ эелдэг, зөөлөн хандана, цаадахь нь ч өөрт нь сайн гэж жигтэйхэн. Өдөрт дунджаар гурван айлыг тус бүр гурван цаг цэвэрлэдэг болохоор Алла их ядарна, нуруугаар нь хатган өвдөж, бүр угаалгын бодисны харшилтай болсон. Заримдаа ч Мартиныд ажиллах гэж бус амрах гэж ирсэн юм шиг л идэж, ууж, хэвтэж, сууж, инээж, хамаг стрессээ марттал буу халж байгаад явна. Мартин ажлаа ихэвчлэн гэрээсээ хийдэг болохоор долоо хоногтоо заавал тааралдана. Гэрийн эзний иймэрхүү найрсаг, дотно харилцаанаас үүдэн Аллагийн ижил хүйстнүүдийн талаархи бүх сөрөг ойлголт үгүй болжээ.

Өнөөдөр уг нь Гэгээн Валентины баярын өдөр ч Алла ажилласаар. Өглөө нэг айл цэвэрлэсэн, одоо Мартины гэрийг цэвэрлэх хуваарьтай. Автобусны цонхоор цэцэг тэвэрч хэн нэгэн хайрынхаа эзэн рүү тэмүүлэх залуус хаа сайгүй л харагдана. Ийм дүр зураг харахаараа гуниглаж, санаа алддаг үе ч Аллагийн хувьд өнгөрчээ. Эсрэгээрээ өнөө өглөө гар утас руу нь залгаж баахан мөнгө нэхэж байгаад салгасан дүүгээ бодож уур нь хүрнэ. Бүгд л түүнийг гадаадад мөнгө тарьж амьдардаг юм шигээр бодно. Хааяа гомдоод уйлмаар. Бөөр нь өвдөөд гэртээ хөдөлж чадахгүй хэвтэхэд нь, ажилгүй удсаны гайгаар хөлсөлдөг өрөөнийхөө хөлсийг өгч чадалгүй хөөгдөж байхад нь ч монголоос мөнгө нэхэж залгах утасны дуудлага тасрахгүй. Гэтэл Алла олсон мөнгөнөөсөө өөртөө байр, хоолны багахан хэсгийг зарцуулаад үлдсэнийг нь хадгалсан ч юмгүй монгол руу явуулна. Ганган, дэгжин хувцаслана гээчийг мартаад хэчнээн ч жил өнгөрсөн юм…Тэдэнд ямар гэм хийсэндээ зүдэрч олсон хэдэн төгрөгөө ялтай юм шиг бүгдийг нь зориулдагаа ч үл ойлгоно. Алгаа тосоод суух бэлэн амнууд ч тэр мөнгө ямар их хөлс, хөдөлмөрийн үр дүнд ирдэгийг үл ухаарна.

Өвдөх эрхгүй, ядрах эрхгүй, зугаацах ч эрхгүй, хүний эрхээ хамгаалуулах ч эрхгүй, олон хөлийн газраар гишгэж ч зүрхлэхгүй шахам амьдрах “хар иргэн”-ий хар амьдрал.

Ямартаа ч өнөөдөр хурсан гунигаа Мартинд тоочиж сэтгэлээ онгойлгоно доо гэсэн бодолтойгоор автобуснаас бууж галуу, нугас шуугилдах нарийн сувгийг даган гэрийнх нь зүг алхлаа. Замдаа гэнэт Мартины түүнд өгсөн хүрэн улаан өнгийн дугтуйг өнөөдөр задлах ёстойгоо санав. Өнгөрсөн долоо хоногт тэд буу халж суухдаа валентинаар хэн хэн нь баярлуулах хүнгүйгээ гуниглангуй ярьцгаасан агаад Мартин гэнэт санаачилга гарган хоёр биенийгээ баярлуулъя гэжээ. Үнэндээ ч хөгжилтэй санаа байлаа. Өнөө хамтран хулгай хийж байсан монгол залуудаа хөх няц болтолоо зодуулж салсанаас хойш Алла юун эр хүнийг баярлуулах битгий хэл, дахин эр юмтай дотносож, ойртоно гэхээс ч ой нь гутдаг болсон билээ. Элэг нэгтэй, монгол эр хүн юм даа хэмээн итгэлээ дэвсэж, өвөрөө нээсэн нь том алдаа байж, хүний нутагт наашаа гээд өмөөрөх хүнгүй хөхөрсөн биеэ эвхэн уйлж суухдаа хөөрхий бүсгүй илүү ихээр хатуужсан байж болох юм. “Хараар амьдрагч” гэдэгтээ торлогдон цагдаад хандаж чадахгүй, эмнэлгийн тусламж эрэхээс ч эмээн, хүйтэн өрөөний мухарт “хөл дээрээ босно доо, заавал” хэмээн хөмхийгөө зуун суусан тэрбээр санасандаа хүрчээ.

Алла Мартинд зориулж гей залуусын дур, сонирхлыг бодолцон өнгө өнгийн цэцэгтэй мэндчилгээний хуудас худалдан авч, дээр нь “Баярын мэнд хүргэе, жинхэнэ хайртайгаа удахгүй учрахыг хүсье” гэж бичжээ. Уг нь “Чамд насан туршдаа үнэнч байх жинхэнэ эр хүнтэй удахгүй учрахыг хүсье” гэж бичих гэснээ арай л бүдүүлэг хэрэг болох болов уу гэж эмээгээд больчихож. Мартиныг хэдийгээр гей гэж боддог ч гэлээ бодлоо тулгаж асуух нь соёлт энэ нийгэмд муйхар зан гэдгийг тэр сайн мэдэх учир асууж байсан удаагүй. Тэгээд ч Аллад Мартин хүнийхээ хувьд хачин их таалагддаг бөгөөд “тэр хэрвээ гей биш байсан бол ямар ч хамаагүй аргаар аваад суучих байсан даа” гэж өөртөө шивнээд, түүнээсээ өөрөө ичин ганцаараа баахан инээж байсан тохиолдол нэгээр зогсохгүй. Гэвч өөрт нь дэндүү сайн хандаж, санаа тавьж байдаг тэр залууг эр хүн гэдгээр харж, шохоорхох үедээ өөрийгөө зэмлэдэг байлаа. Хэрэв тийм байдлыг нь Мартин мэдчихвэл бэлгийн чиг баримжааг нь ойлгож, хүндлэхгүй байгаад гомдоод харилцаагаа таслах байх хэмээн эмээнэ. Мэдээж хоёр жил багагүй хугацаа, эр хүн гэдэгт нь биш юмаа гэхэд эвлэг, зөөлөн сэтгэлд нь эм амьтны уяхан совингоор дассан л юм байлгүй гэж өөрийгөө тайвшруулна.

…Мартин гэртээ угтав. Алла мэндийг нь мэдэж, бас валентины баярын мэнд хүргэх далимдаа өнөөдөр стресс ихтэй байсан талаараа, тэр тухайгаа ярилцахаар яарч ирсэнээ, замдаа гэнэт дугтуй задлах ёстойгоо санасанаа гээд л амандаа орсон бүхэнээ учир авцалдаагүй араас нь хөврүүлсээр зочны өрөө рүү нь алхана. Мартин түүнийг өрөөний голд байх том модон ширээнд урьж, дарс задлах зуураа товлосон ёсоор дугтуйг эхэлж задлахыг түүнээс хүслээ. Алла дугтуйг аядуухан задалж түүн дээр бичсэн богинохон өгүүлбэрийг “Ik hou van jou” гэж амандаа аяархан шивнэн уншсан даруйдаа зог тусчихав. “Үгүй ээ, бурхан минь ! Юу вэ энэ…Чи чинь гей биз дээ, Мартин…” хэмээн дуу алдангаа толгойгоо өнгийлгөхөд “Ээ тэнгэр минь, чи чинь намайг гей гэж боддог хэрэг үү” хэмээн чангаар инээх Мартины далайн өнгөтэй гоё нүд түүнийг нэг л ер бусаар ширтэж байгааг анзаарав.

*Ik hou van jou
/Би чамд хайртай/

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s