Дахин нэг шинэ хуудас нээх нь

Ингээд бүхэл бүтэн нэг жилийн дараа уулздаг юм байжээ. 2014 оны хамгийн эхний бичлэг гэсэн утгаараа нэг дүгнэж цэгнэсэн, бодож  төлөвлөсөн маягтай эхэлвэл тун зүгээр санагдлаа.

Бодоод байхад хүүхэд байхдаа, эсвэл бага байхдаа гэвэл илүү оновчтой юмуу, хурдхан л том болох юмсан гэж мөрөөддөг байж дээ. Гэтэл хүсдэг байсан тэр том гэдэг насан дээрээ ирэхээр нөгөө хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг энэ тэрийн талаар бодоод сууж байх юм. Надтай адил зүйл яг энэ мөчид мөрөөдөөд сууж байгаа хүн уншигч та бүхэн дунд ч цөөнгүй байгаа гэдэгд эргэлзэхгүй байна. Зөвхөн энэ л жишээнээс харахад хүн гэдэг амьтан (за амьтан гээд хэлчихвэл зарга үүсгэх хүн гараад ирэхвий дээ) өөрт байхгүй зүйлдээ л тэмүүлэх юм.

Өнгөрсөн 2013 он миний хувьд дэндүү гэмээр хурдан өнгөрсөнд гайхаад ч барахгүй байна. Байхгүй зүйлийг хүсэж, байгаа зүйлийг үгүйсгэн төгс төгөлдөр гээчийг хүлээн өнгөрүүлсэн хором бүр уртаас урт, удаанаас удаан санагдаж байсан нь одоо ч нүдэнд минь тод харагдана. Гэтэл тэр цаг хугацаа зогссон мэт мэдрэмж нэг л өдөр алга болчихсон, явахдаа харин цаг хугацааг хурдасгаад орхичихсон. Тэрнээс хойш би нүдээ нээх бүртээ энэ хорвоо дэлхий арай хурдан эргээд байна гэдэгтэй санал нэгдэх, эсвэл би дэндүү завгүй гүйгээд байна гэх хоёрын аль нэгтэй нь эвлэрэх хэрэгтэй болчихсон.  Тэгээд л би гэдэг хүн цаг хугацаатай уралдаж ч нэг үзээд, хойноос нь хөөж ч нэг үзээд л бор хоногийг болгож явна даа. Гэхдээ энэ мэтээр дэндүү өрөвдөлтэй амьдралд би живмээргүй байна. Жил бүрийн эхний бичлэг дээрээ ямар их завгүй байснаа, юу хийгээд бүхэл бүтэн нэг жил ийм хурдан өнгөрсөн тухайгаа эргэцүүлэн гайхаж суухыг би хүсэхгүй байна. Хүн зүгээр л урсгалаараа хөвж явна гэдэг амьд үхдэлээс ялгаа юу байхав. Тиймээс 2014 он надад ямар зовлон зүдгүүр, гай барцад бэлдсэн байх нь хумсын төдий ч санааг минь чилээхгүй байна, би хүсэл мөрөөдөл, зорилго зорилтынхоо төлөө уулыг давж усыг гатламаар байна. Би эхлэлтэй, өрнөлтэй, төгсөлтэй тийм л амьдралд буцлахыг хүсэж байна.

Яадаг юм алдана л биз, хүн шүү дээ

Ядаж алдаанаасаа суралцана, амьдрал шүү дээ

(Толгой холбохдоо тийм ч муу биш болохоор хэдэн үг нийлүүлээд тавьчихлаа)

1383805_10202855085838584_1311425451_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s